Өнөөгийн хурдацтай хөгжиж буй ертөнцөд бид эрүүл мэндээ нэн тэргүүнд чухалчлахыг ихэвчлэн хойш тавих гээд байдаг. Гэтэл эрүүл мэндийн тогтмол үзлэг болон эрт илрүүлгийн ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Иймэрхүү идэвх санаачилгатай арга хэмжээ нь эрүүл мэндийг сайн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмч дээр очих нь дандаа бас сайхан санагдаад байдаггүй ч хожим нь өвчнөө хүндрүүлээд үзүүлэхээс өөр аргагүй болж байснаас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хавьгүй дээр.
Эрт илрүүлэг яагаад чухал вэ
Эрт илрүүлгийн гол давуу тал нь үр дүнтэй эмчилгээ хийх хамгийн сайн боломж олгодог явдал юм.
Өвчин, тэр дундаа архаг өвчин нь ямар ч мэдэгдэхүйц шинж тэмдэггүйгээр чимээгүй явцтай байж болно. Шинж тэмдгүүд гарч ирэх үед тухайн өвчин эмгэг илүү хүнд үе шатандаа орсон байх ба эмчилгээг илүү төвөгтэй, заримдаа үр дүн багатай болгодог.
Жишээлбэл, хорт хавдар гэх мэт өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд хожуу үе шатанд илрүүлснээс илүү амжилттай эмчлэгддэг. Хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх нь илүү нааштай үр дүнд хүргэж, амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн, эрт илрүүлэг нь бага зардалтай, гаж нөлөө багатай зөөлөвтөр эмчилгээ хийх боломжтой болгодог.
Эрүүл мэндийн үзлэгийн үүрэг
Эрүүл мэндийн тогтмол үзлэг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог. Эдгээр үзлэгт бие бялдрын цогц үзлэг, цусны шинжилгээ болон хүний эрүүл мэндийг цогцоор нь харах боломжтой бусад ердийн ажилбарууд орно. Ийм үнэлгээ нь цаг хугацааны явцад эрүүл мэндийн байдлын өөрчлөлтийг хянаж, эмчилгээний үр нөлөөнд хяналт тавьж, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлийг даамжрахаас нь өмнө илрүүлэх боломжтой.
Жишээлбэл, холестерины хэмжилт нь зүрх судасны өвчний эрсдлийг үнэлэх боломжийг олгодог бол маммограмм болон бүдүүн гэдэсний шинжилгээ зэрэг нь хорт хавдрыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр үзлэгийн төрөл, давтамж нь нас, хүйс, гэр бүлийн эрүүл мэндийн түүх зэрэг хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Эмэгтэйчүүд умайн хүзүүний эсийн шинжилгээ, ясны нягтралын шинжилгээ зэргийг хийлгэж болох бол эрэгтэйчүүд түрүү булчирхайн шинжилгээ хийлгэж болно.
Эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих
Урьдчилан сэргийлэх үзлэгийг нэн тэргүүнд тавих нь чухал. Шинж тэмдэг илрээгүй байсан ч тогтмол цаг авч үзүүлэх нь амь насыг аврах шийдвэр байж ч болно. Нэмж дурдахад, эрүүл мэндтэй холбоотой аливаа асуулт, санаа зовоосон асуудлаа цаг авч үзүүлэх үедээ хэлж, мэдээлэлтэй байх нь үзлэгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг.
Хэдийгээр өдөр тутмын амьдрал хэт бужигнасан, яаруу сандруу байж болох ч таны эрүүл мэнд хэзээ ч хохирох ёсгүй.
Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах, эрт илрүүлгийн ач холбогдлыг ойлгох нь урт удаан, эрүүл саруул, сэтгэл хангалуун амьдрахад нэн чухал алхам болдог.
Хувь нэмрээ оруулсан Зүрх судасны эмч, Доктор Анават Хоу –Иан
For more information please contact:
Last modify: October 31, 2024